Бидний хүсэл ба Монголын ирээдүй
        Цаг хугацаа ямагт ирээдүй рүү тэмүүлдэг. Өнөөдөр нь ямагт ирээдүйд татагддаг гэдэг. Мэдээжийн хэрэг бид өнгөрснөөрөө амьдрахгүй нь үнэн.
        Удахгүй мөнгөтэй болохоороо шинэ байртай болно, машинаа сайжруулна, хүүхдээ сайн сургуульд явуулна гээд л ирэх он жилүүдийн тухай төсөөлсөн сайхан мөрөөдөл хүн бүрт бий. Хэн ч ирээдүйг муухайгаар хардаггүй байх. Би өөрөө, миний үр хүүхэд ирээдүйд сайхан орчинд амьдрах ёстой гэж тооцон өнөөдөр та бид цаг наргүй ажиллаж байгаа. Ийм л жирийн дундаж олны амьдрал тухайн орны хөгжлийн гол үзүүлэлт болдог байна.
Би Дональд Трамп, Роберт Кийосаки нарын хамтран бичсэн номыг уншсанаа санаж байна. Тэнд улс орны хүн ам зүйн бүтцийг 3 үндсэн хэсэгт хуваажээ. Баян, дундаж, ядуу гэж ангилжээ. Тухайн нийгэмд дундаж амьдралтай хүмүүсийн эзлэх хувь хэдий чинээ их байна, улс орны хөгжилд төдий чинээ эерэг нөлөөтэй гэсэн байх юм. Тэгвэл бид ямархуу байгаа болон ямар ирээдүй биднийг хүлээж байгаа талаар доор хүүрнэе.

    Хувь хүний сайхан амьдрах эсэх нь өөрөөс нь хамаардаг нийгэмд бид амьдарч байна. Тэгж ойлгодог. Гэвч биднээс үл хамаарах, ялангуяа нийт нийгмийн хөгжлийн асуудлууд ямар байхаас бидний амьдралд ихээхэн нөлөөлдгийг бас тооцох хэрэгтэй. Ирээдүйг 5, 10, 20 жилээр төсөөлж болох юм. Тэгвэл өнөөдрийн бидний энэ цаг хугацааны амьдралаас ирэх 10-20 жилийн өнгө тодорхойлогддог гэдгийг хөгжлийн эдийн засагчид, шинжээчид бичсээр л байна. Энэ асуудлаар өөрийнхөө хувийн бодлыг хуваалцая.
    Мэдээж энэ бол миний бодол. “Тэнэг хүн өөрийн бодлоос айдаг” хэмээх үг бий.
Өнөөгийн төрийн бодлого үйлчилгээ, улс төрчдийн боловсрол, ухамсар, түүнтэй үе давхцах уул уурхайн асуудлууд, боловсрол, эрүүл мэндийг үл тоох хандлага зэрэг нь биднийг иймэрхүү ирээдүй л хүлээж байна гэж бодоход хүргэх бөгөөд нэг талаас айдас ч дагуулах шиг. 20 жилийн хооронд аль нэг намын сайн бодлого гарч ирэн хэрэгжиж залруулна гэж бодож байж мэдэх юм. Тийм бол сайн хэдий ч тийм болно гээд баттай хэлчих юмгүй л байна шүү дээ.
Монгол улсын ирэх 20 жилийн хөгжил ямар байх вэ? Өнөөдөрт суурилж ирээдүйг хамтдаа тодорхойльё. Ирээдүйд бид аз жаргалтаа амьдралаа хүсэн мөрөөдөж төсөөлдөг бол энэ удаа асуудалд өнөөдрийн байр суурьнаас, бодитоор хандаад үзье. Ингэж байж бид юу руу зүтгэж, юунд тэмүүлж байгаагаа урьдчилан харж, зүглэх замаа зөв тодорхойлоход туслах болно. Ирээдүйн төсөөлөлд сөрөг нь дийлээд байвал, өнөөдөр нь болохгүй байгаагийн шинж гэж ойлгоорой.

1.    Монгол улс хүн ам зүйн хямралд орно.
a.    Хүний нөөцийн хямралд орно гэж нэг талаас тодорхойлж болно.
        Манай улс 2,6 сая хүн амтай. Хүн амын идэвхитэй хэсэг нь 1/3 нь буюу 900 гаруй мянган хүн байдаг ба үүнийг хөдөлмөрийн насныхан гэж авч үздэг. Гэтэл албан бус тооцоогоор 200000 орчим хүн гадаадад ажиллаж байгаа гэдэг. За энэ тоо бол нэг жишээ. Өдөр тутмын сонинуудын хуудасных нь 40-50%-ийг “ажилд авна” гэсэн зар эзэлсээр бараг бүтэн жилийн нүүр үзэх нь. Бүр сүүлдээ ажилд авах ТВ реклам, реалити шоу хүртэл хийж байх шиг. Үнэндээ бодит амьдрал дээр ажил олгогчдын хүсээд байгаа чадварт хүрэх “сайн мэргэжилтэн” алга. Компаниудын хооронд сайн ажилтны төлөөх нууц байлдаан өрнөх болж түүнийгээ “Hunting” хэмээн нэрлэх агаад сайн хүнийг тогтоох, татахад өндөр цалин, хангамж амлах нь ихэслээ. Энд муу нь ч юу байхав дээ. Чадварыг сайн л үнэлэх хэрэгтэй шүү дээ. Харин өндөр үнэлүүлэх нь чухам хэр олон байгаад л асуудлыг гол нь байна.
        Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх бизнес, үйлдвэржилтийг дагасан ажлын байрны эрэлт ихэссээр. Хар бор гэгдэх ажил хийх хүн ховордож гадагшаа ажил хийхээр гарсан уу, алт ухаж “нинжа”-дахаар яван одсон уу бүү мэд. Ямартаа ч сонины хуудсан дээр “царай зүс, өндөр нам харлаа” гэх шүүмлэл гарахаа больж мартагджээ.
    Яагаад ажилдаа хүн нь гологдоод байна вэ? Учир нь бидний үзсэн бөгөөд үзэж буй боловсролын систем, “гэрийн боловсролын бус” орчин, чанаргүй сургалт өөрчлөгдөн сайжрахгүй байгаа учраас, чанаргүй төгсөгчдийг тасралтгүй бэлтгээд байгаа учраас тэр. Иргэний боловсрол гэж алга. Иргэн болоод хэрхэн нийгэмд гарахад бэлэн бус. Хар багаасаа бусдын шийдвэрийг хардаг болж хүмүүжсэн ийм “дотоодоос хараат” орон шүү дээ. Намайг бараг 16 хүртэл аав ээж миний өмнөөс шийдвэр гаргана. Тиймээс өөрийн гэсэн бодол, зорилго, тэмүүлэлгүй, бусдаас хараад, бие даах чадваргүй иргэд л олширч ажил амьдрал дээр гараад тэмцэлгүй, идэвхигүй, сэтгэдэггүй, хий гээд өгвөл л хийдэг, бусдаас ялгарах юмгүй нэг загвараар олноор үйлдвэрлэсэн тоглоом шиг нөхөд 20 жилээр холдон одсон “соц шинжээ” хадгалсаар л... Ямар сайндаа цэрэгт явах, эхнэр авахыг аав мэднэ гэж онигоо болтлоо яригдсан байх аа.
    Нөгөө талаар өнөөгийн боловсролын систем, агуулга, хөтөлбөр, ном, аргачлал, багш нар гээд авах юм алга. Ёстой л чөтгөр аваасай билээ. Ирэх 10-20 жилийн өнгийг боловсролын өнөөдрийн систем л тодорхойлно. Учир нь өнөөдрийн оюутан, сурагчид ирэх 10-20 жилд юу сурсанаа үзүүлнэ, бас ашиглана шүү дээ. Тэгвэл нэг талаас бид ирээдүйгээ ямар байхыг яг одоо харж болох л юм. Сурах бичгийнх нь 1-хэн хуудсанд 27 алдаа байдаг номыг багш нь бариад хичээлээ заадаг, хүүхэд нь алдаатай нь хуулдаг ийм л боловсролоор ирээдүйгээ тольдож сууна даа. Тэгээд ч дэлхий хавтгай боллоо, бид глобальчлагдаж байна, олон улсад өрсөлдөнө шүү гэж хэлэхдээ нүүр улайдаг болоод байгаа шүү.

b.    Гаднаас ажиллах хүч Монгол руу импортлох нь улам ихсэж, нийт хүн амын 50%-тай тэнцэх хэмжээний “түр оршин суугчид”-тай орон болсон байх вий дээ.
        Энэ бол тоглоом биш, харуусал. Монголд ажил хийх хүн олдохгүй. Та 5000$-ийн цалин авдаг боллоо гэхэд талх 5$ болсон байх нь хэвийн үзэгдэл юм байна гэдгийг өнөөдрийн юмны үнэ хэрхэн нэмэгдэж буйгаар баримжаалж болно. 2 жилийн өмнө 260 төгрөг байсан талх өнөөдөр 500 төгрөгөөс хол давсан байна.
        Энэ яах вэ уул уурхайгаас олох ашгаас хувьцаа тараана гэх гээд байна уу. Тэр нь Монголд амьдрах баталгаа биш шүү дээ. Хэцүү газар хүн тогтохгүй гэдэг. Тиймээс иргэнийхээ хувьд хувьцааныхаа ноогдол ашгийг хүртээд гадаадад амьдраад ажиллаад байхыг хүсэх хүн олон л тааралдах болов уу. Гэвч явах нь олон байхад явж чадахгүй нь ч дутуугүй олон байна. Өнөөдөр хүн амыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж байна. Байрны үнэ улам өсөж, энэ салбарт хөрөнгө оруулагчид энэ эрэлтийг даган олширч байгаа хэдий ч тэнд ажиллах, ажилтнуудыг хаанаас олох вэ? Түүнээс гадна зам, гүүр, шинээр баригдах төмөр зам, онгоцны буудал гээд олон арван томоохон төслүүд дээр одоо олдохгүй байгаа, ховордсон ажилтанг хаанаас олох вэ?
     Саяхан зарим намуудын лидерүүдийн амнаас “Монгол баян орон болно. Бид хангалуун амьдарч, тохиолог ажил эрхлэнэ. Монгол хүний хийж болохгүй хар бор ажил гэж гарч ирнэ. Түүнийг нь гадныхныг авч ирж хийлгэдэг болно” гэх мэт “амны яриа” чих дэлссэн. Бидний боловсролын түвшин ийм байхад ямар ч пүүс, компани, ялангуяа хавтгайршиж буй дэлхийн онцлогийн эрин үед бидэнд “Та Монгол хүн” гээд ширээ бөглүүлээд зүгээр суулгахгүй шүү дээ.
    Өрсөлдөөн. Энэ л хөгжлийн түлүүр бүхнийг захирна. “Та Монгол хүн” учраас дээшээ гэдэг үгийг хүн нь өөрөө хөгжиж, үнэлэмжээ өөрөө өөртөө бий болгосноор л хэрэгжинэ. Гадагшаа явж сурсан чадварлаг залуус гадны зарим томоохон компанид гайхагдан шагшигдаж буйг дуулахад таатай байдаг. Гэвч тэдэнд үүнийг монгол хүн гэдгээр нь бус, чадварлаг хув хүн гэдгээр нь үнэлж байгаа юм гэдгийг ойлгоход амархан шүү дээ.

c.    Монголчууд хар ажил хийхээр бус сайхан амьдрахын тулд гадагшаа явах нь улам бүр ихэснэ. Монголын ДНБ-ий нэг хүнд оногдох хэмжээ 15 жилийн дараа 15000$ хүрэхэд АНУ-ынх магадгүй 50000$ хол давсан байхыг үгүйсгэх арга алга.
    Тиймээс энэ 2 орны хувьд амьжиргааны ялгаа байсаар л байх нь. Зүгээр байхад өгөх хувьцааны ноогдол ашгаа Америкаас ч юм уу хаанаас ч юм картандаа хийлгэн хүртээд, амар амгалан, аз жаргалтай амьдрахаар дэлхийн өнцөг булан бүр лүү явах “Монгол иргэний цуваа” тасрахгүй л болов уу.

2.       Монгол улс хөгжлийн гацаанаас гарах аргаа хайсаар л байх болно.
a.    Монголын хөгжлийн үзүүлэлтэд ДНБ гэх хоосон тоо данхайж, хувь хүний хөгжлийн асуудлууд 10 жилийн дараагаас л “одоо яах вэ?” гэж яригдах гол асуудал болно.
    Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1 хүнд 15 жилийн дараа, 15000 ам.долларт хүргэхээр МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан байна. Өнөөдрийн түвшинөөс харахад том тоо хэдий ч 15 жилийн дараа гээд бодохоор бага тоо. Тэр үед БНСУлс ДНБ –ийнхээ хэмжээг 40000 ам.долларт хүргэхээр бас тооцсон байна. Энэ жишгээр тооцвол долларын ханш, юмны үнэ, инфляцийн түвшин мөн адил өссөн байх болно. Тиймээс бид ядуугаараа л байх ба баян орнуудын жагсаалтад багтахгүй, бараа сураггүй хэвээр л байх нь байна шүү дээ. Учир нь Уул уурхайгаар баяждаггүй гэдгийг өнөөдрийн хөгжилтэй олон орон харуулж л байна. Харин ухаж гаргасан баялагаар минь бидний өдөр тутмын хэрэглээ болсон машин техник, компьютер төхөөрөмж гээд өч төчнөөн үнэ цэнэтэй зүйлсийг үйлдвэрлээд буцаагаад бүр өндөр үнээр бидэнд эргүүлэн зарах болно шүү дээ. Ингээд бодохоор хаана нь илүү ашиг унахаар байна бодоод үзэхэд илүүдэхгүй байх.
    Нөгөө талаас ганц ДНБ-ий хэмжээ өссөнөөр хөгжлийг тодорхойлж болохгүй юм. НҮБ болон түүний харъяа байгууллагуудаас хүний хөгжлийг тухайн орны хөгжлийн хамгийн гол үзүүлэлт болгон авч үзэж байна. Өрхийн орлого, хүн амын наслалт, төрөлт, эх, үрсийн эндэгдлийн бууралт, боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хамгийн гол хүчин зүйл болгодог. Энэ үзүүлэлт дээшлэн сайжирсан байвал хөгжлийн гол илрэл хэмээн шууд ойлгож болно. Тиймээс өнөөдрийн олборлоогүй байж хуваагаад байгаа уул уурхайгаас орох хөрөнгийг хэнд зориулж яаж зарцуулахаас ихээхэн хамааралтай. Эхэндээ сайтар ярилцах нь чухал нь мэдээж.
b.    Монгол улсын хүн амын дийлэнх хэсэг ядуу хэвээрээ, баян чинээлгүүд хэт хөрөнгөжиж, харин дундаж давхрага маш бага орон зайг эзлэнэ.
        Яагаад гэж та асуух байх. Учир нь дундаж давхрагын гол орлого нь жижиг, дунд бизнес. Өнөөдөр Хятад, Энэтхэг улсууд бодлогоор жижиг, дунд бизнесээ дэмжиж, тодорхой хугацаагаар, стратегийн ач холбогдолтой гэж үзвэл зарим төрлийн бизнесийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх бодлогыг түлхүү барьдаг бөгөөд энэ нь тухайн орны эдийн засгийг инфляциас үл хамааруулж, тогтвортой хөгжих гол үндэс болоод зогсохгүй, төсөвт ч бодит дэмжлэг болж, төрийг нийгмийн элдэв халамж үйлчилгээний дарамтаас хөнгөлдөг байна. Тиймээс Уул уурхай болон томоохон бизнесийн салбарынхан хөрөнгөжиж, уул уурхайгаас тараасан гэх багахан мөнгөөр хүн амын дийлэнх хэсэг нь гол зогоодог “туйлт нийгмийн” үе ирэх вий.
        Хоосон биш харин ч бэлэн юм тараана гэж бодож байна уу. Мэдээж хүн ардад бол бэлэн мөнгө гар дээр нь тавих нь сайн л даа. Түүнийгээ хувьцаа хэлбэрээр хүртээд зарж, борлуулж, барьцаалах гээд эдийн засгийн эргэлтэнд орох нь заагаад байлтгүй ойлгомжтой. Гэтэл түүнийг нь үнэ өсгөн худалдан авах сонирхолтой гадна, дотны бизнес бүлгүүд ч ихээр бий болно. Ингэсээр байгаад хязгаарлагдмал орлоготой, санхүүгийн гачигдалтай олон нийтээс нэг л мэдэхэд хөрөнгөтэй чинээлэг хэсгийн гарт тэр хувьцаанууд шилжих болно. Магадгүй тэр үед үнэт цаасны зах зээлийг түлхүү мэдэх гадныхан илүү хувь эзэмшээд ч сууж байж болохыг үгүйсгэхгүй.
c.    Хүн амын дийлэнх хэсэг нь ядуу учраас нийгмийн зохион байгуулалт төрийн халамж-үйлчилгээний асуудалд гүнзгий суурьлж, соц нийгмийн бэлэнчлэх сэтгэлгээг буцаан залсан байна.
    Хүүхдийн мөнгийг 50000 болгох, Уул уурхайгаас “эрдэнийн хувь” ч гэнэ үү, “эх орны хишиг” ч гэнэ үү бас л мөнгө атгуулах сонгуулийн амлалтад суурилсан энэ бүхэн өнөөдөр хүмүүст хоосон итгэл хүлээлт үүсгээд байдаг. Түүнийг хүлээгээд тэсч ядаж байгаа өнөөгийн төрхийг харахаар, ирээдүйд гар дээр бэлэн мөнгө урсаад ирвэл биднээс ажил хийх нь хэд үлдэх юм бол… гэх бодол бас бодол дагасаар…
    Уул уурхайгаас ч мөнгө олох байх л даа. Харин түүнийг зөв зарцуулж, хөгжилд хөшүүрэг болгохгүй бол хоосон хашгирагч улс төрчид, олигархиудын гарт хөрөнгөө атгуулаад, хөлөө тушуулж, соосог хөхсөн хөх толботой “нялх үндэстэн” азийн цээжинд асрамжинд ч юм уу, амралтанд ч юм уу тансагласаар дуусах вий гэж түгшиж байна.

3.    Экологийн хүчтэй хямралд өртөнө.
a.    20 жилийн дараа Байгалийн тэнцвэр алдагдаж, бид магадгүй цэвэр усаа гаднаас импортлоход хүрэх нь.
        Энд би тоо баримт дурдъя.
        “Эрдэмтдийн хийсэн судалгаа¬гаар 2018 он гэхэд Азийн орнуудын цэвэр усны нөөц дуусах аж. Тиймээс төр засаг ашигт малтмалыг стратегийн гол ач холбогдол гэж үзэхээс урьдаар ундны усны асуу¬далд анхаарлаа хандуулах нь чухал юм. Улмаар Засгийн газар цэвэр усны нөөцийг хэрхэн ашиглах тал дээр зөв бодлого явуулаагvйгээс гол, мөрөн бохирдох үндэс болж байна. Ахуй, үйлдвэ¬рийн гаралтай бохир ус, хог хаягдал, химийн хорт боди¬соор дамжин ус хөрс, агаарыг бохирдуулж байна. Жил бүр 300 сая гаруй шоо метр бохир усыг гол горхи хөрсөнд хаяж усны нөөц бохирдуулж байгаа нь үндэсний аюулгvй байдал алдагдахад хүргэх аюул нө¬мөрч байна. Мөн Орхон, Улаан¬цутгалан хүрхрээ тасарсан, Хараа, Ерөө голын ус химийн хорт бодисоор бохирдсоныг онцлох хэрэгтэй. Ус бохирдсоноос болж халдварт өвчин нэмэг¬дэж байгаа. Улаанбаа¬тарын орчимд байдаг 22 ра¬шаанаас дээж авч шинжлэ¬хэд хүнсэнд хэрэглэх зөв¬шөө¬рөгдсөн хэмжээнээс хэд дахин их бохирдол илэрсэн байна.
        Өнгөрсөн онд улсын хэм¬жээнд хийсэн усны тоолло¬гоор 700 гаруй гол мөрөн ширгэсэн дүн гарчээ. Энэ нь нэг талаас хүний сөрөг үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Нөгөөтэйгүүр сүүлийн арван жил агаарын хэм хоёр хувиар нэмэгдсэн нь мөнх цаст уул, цэвдэг зэргийг хайлуулах үндэс болжээ. Үүнээс үүдэн булаг, шанд, гол, горхи, нуур, цөөрөм хэдэн олон мянгаараа ширгэн хатаж, Монголын бүх урсгал усны хэмжээ эрс багассан байна.“ (“Өдрийн сонин” 2008.03.18-ны дугаар. М.Мөнгөнцэцэг)

b.    Хэт дулаарах, хөрсний бүтэц алдагдах, уул уурхайн нөхөн сэргээгдээгүй, усны ундаргыг тасалсан зэргээс хамааран цөлжилт улам ихсэнэ.

        Өнөөдөр байгалийн тэнцвэр алдагдаж буй эл байдал бид бүхний өмнө нээлттэй байгаа болохоор энэ асуудлыг баримт дурдаж нэг их юм бичмээргүй байна. Уул нь нүцгэрч, ой мод нь түймэрт автаж, ус гол нь ширгэж, загас нь бөөнөөрөө үхэж, ногоон сайхан тал нутаг нь зэвхий даасан шарилжаар бүрхэгдэж байгаагийн эсрэг бид юу ч хийж чадахгүй байгаад л харамсан байна. Бидний өмнөөс гадны зарим нэг нөхөд судлаад зөвлөөд байхад “толгой сэгсэрч” халаглахаас өөрийг хийж чадахгүй байгаа болохоор л тэр. Хөрс хэдэн зуун жил болоод сэргэдэг гэдэг билээ? Усны эх сурвалж сэргэж, гол голдиролоороо дахин урсах уу?, хөрсний чанар сайжирч, хэзээ цэцэгт ногоон талаар хамар битүүрэхгүй цээж дүүрэн амьсгалан алхах вэ? Энэ бүхэнд тодорхой хариулт алга.

4.    “Эрүүл Монгол” хүн хөтөлбөр үлгэр болох ба “Эрүүлжүүлэх Монгол хүн” хөтөлбөр зохиогдоно.
a.    Эрүүл мэнддээ анхаардаггүй ард түмэнд ирээдүй хатуурхана.
        Бидний хэдэн хувь нь өнөөдөр зөв хооллож, зөв хөдөлж, зөв амьдарч байгаа билээ. Өвдөхгүй бол эрүүл гэж бодогсод, өвдөхөөр нь эмээр бөмбөгдөнө гэж төөрөгдөгсөд, мөнгө л байвал эмчлэхгүй юм алга гэж хоосон төлөвлөгсөд өнөөдөр өөрийгөө л зовоогоод, ирээдүйнхээ өөрийн өмнө харамсал бүрдүүлээд байгаагаа мэдсэн мөртлөө, мэдэрхээргүй зүтгэж явна. Төрийн зүгээс ч нийгмийн эрүүл мэндэд анхаарах юм юу ч алга. ДОХ-ын асуудлаар тараах сурталчилгааны зүйлсээс илүүтэйгээр анхаарал хандуулах хурц асуудал бий болсныг мэдэх зохицуулах яам ч алга.
        Хүүхдийг багаас нь хөдөлгөөний зөв эвсэл олгох гэдгийг биеийн тамирын хичээл гэж андуурдаг ийм төрийн түшээдтэй болохоор бид одоо яах ч билээ дээ.
        Өглөө өдөр нь бага идэж, орой нь тултал чихэх ходоод хэдэн жилийн дараа юу тогтоож, юу шингээхийг ёстой л доктор, чөтгөр хоёр мэдэх байх даа. Хүн амын олонхи нь багахан мөнгөндөө таарсан хоолных нь чанар муугаас яс нь сийрэгжиж, утаанд хордсон уушиг бронхитоор зогсохгүй цусанд нэвчин өвчлүүлж байна, нийгмийн бухимдал сэтгэл түгшээж зүрх зовоосоор, идсэн хоол судас бөглөж хатуурахсаар…
b.    Утаанаас үүдэлтэй уушигны өвчин газар авна.
       За энэ асуудлыг би тодруулж бичнэ гэж байхгүй байлгүй дээ. Бүгд ярьж бичээд байхад улам газар аваад байгаа болохоор орон сууц ихээр баригдахыг хүлээн, амандаа хорт утааны баг зүүх, гэртээ “кислород”-ны хоолой залгах гэх мэтийн явцуу аргаар л торгоох байх даа. Биднийг энэ утаа 10 жилийн дараа ямар хүн болгосон байхыг цаг хугацаа л харуулах байх. Энэ бол айдас… Миний хүүхэд өсөхөөрөө ямар байхыг би сайнаар л төсөөлж өөрийгөө хуурахаас хэтэрч чадахгүй л байна шүү дээ.
c.    Архи, мөнгөн ус, цианит натри + хор Монголын зүг хөвөрсөөр
        Нийгэмд төр нь зохицуулалт хийдэг, хийдэггүй олон ажил байдаг. Гэтэл энэ төр засаг маань бидний хийх юмыг биднээс булааж хийгээд, хийх ёстой зүйлсээ үл тоогоод байх юм. Үл тоох ч гэж дээ үл мэдээд л байх шиг.
        Яагаад? Яагаад эдгээр хорыг хил гаалиар зөвшөөрөлгүй оруулаад байгаа юм бэ? Ерөнхийлөгч нь яриад, Ерөнхий сайд нь очоод байхад хил, гаалийн хяналт улам сулраад, “гаалтай машин” гэх нийгмийн сөрөг үзэгдлүүд нь улам тодроод байдаг юм бэ? Хордуулсантай нь хариуцлага тооцохгүй юм бол нийгмийн хариуцлага хэзээ бий болох юм бэ?

        Дахин хэлэхэд энэ бол өнөөдрөөс үүдэн ирээдүйг зурагласан миний төсөөлөл. Төсөөлөл гэхээсээ илүү энэ байдлаараа бид оршин тогтнох орчноо бүрдүүлээд, устгахыг нь утсгаад, үл ойшоохыг нь ойшоогоод, цөөнх нь “хумслаад бас хусаад”, олонхи нь “гуйгаад бас хүлээгээд”, мөнгөтэй болохоороо бие үзүүлнэ гэж горьдоод, “би ч яахав энэ хэдэн хүүхдийн боловсрол л” гэж арга ядан суугаад байвал нэг л мэдэхэд 5, 10 жил өнгөрөн одож асуудлаа, бухимдлаа энэ янзаараа илэрхийлсээр л байх болно шүү.
        Энд асуудлыг өөр өөрийн өнцөгөөр харж, өөр өөрийн үзэл бодлын үүднээс “хөгжлийн хувийн гарц”-аа нээж, өрөөлд бус өөртөө найдахыг би олондоо хүсэв. Хувь та бидний гарц гэрэлтэй замаар нээгдвэл нийгмийн хөгжлийн гарцанд бас гэрэл нэмэх болов уу. Хүний гэрэл өөр дээр минь тусахыг хүлээхийн оронд өөрийн гэрлээр өмнөх замаа гэрэлтүүлэх минь.

Сэтгэгдэлүүд:

1. САЙХАН САНАА | 2008-04-08 10:48:13
ээ юу ч гэмээр юм бэ дээ. гэрэл гэгээ тэгээд нэг ч алга ууу...
2. amor | 2008-04-08 11:03:46
харамсалтай л юм..
үгүй гэх үндэслэл алга нээрээ.......
3. huhtolbot | 2008-04-08 11:05:08
Хүний хөгжил, хувь хүмүүсийн ирээдүйгээр улс орныг харж болох болов уу
4. vitaminjuulalt | 2008-04-08 11:30:49
Хэ хэ
Ах лут бичжээ.
Болуул арай ойлгомжит жишээ
Эрээн замын үүдээр харьцуулаад
бичээд үздийм уу
5. AD | 2008-04-08 12:08:21
Hi zaluusaa. Uuniig olon talaas ni uur uuriin untsguur harj, ireeduid uchrah olon asuudliig uridchilan zohitsuulah chadamjtai baih heregtei gej bodoj bna. Uridchilan zalruulah tusam ireeduid gereltei tal ni ih haragdah bolno.
6. oogii (зочин) | 2008-04-08 13:16:10
hi zaluusaa u.mend mash zuw yum bichsen bna nadad taalagdaj bna gehdee mgl hun buriin setgeld eh oronch uzel bdagui yum shig sanagddag ter uzliig bid bagaas ni ur huuhedt tuluwshuuleh heregte bilwu gej bodoj bna
7. Uuduu (зочин) | 2008-04-08 13:44:56
Zuv shuu yamar ireedui huleej baigaagaa uridchilan harah ni...
Zaluuraa zuv mushgihgui bol hetsuudej baigaa yum bna daa. Ingehed zaluur deer nehuus suugaad bna aa. Teneg ali esvel sogtuu Capitantai bol duuslaa l gesen ug dee ah mini.
8. Uuduu (зочин) | 2008-04-08 13:45:17
Zuv shuu yamar ireedui huleej baigaagaa uridchilan harah ni...
Zaluuraa zuv mushgihgui bol hetsuudej baigaa yum bna daa. Ingehed zaluur deer henuus suugaad bna aa. Teneg ali esvel sogtuu Capitantai bol duuslaa l gesen ug dee ah mini.
9. Uuduu (зочин) | 2008-04-08 13:45:57
ee 2 orson bna. za yahav 3 bolgochihoyo. hehe
10. Zooz (зочин) | 2008-04-08 15:47:10
Zooooz...
11. Wolf | 2008-04-08 18:41:41
Хэхэхэ ерөөсөө хамаг юмны учир монголчуудад өөрсдөд нь байгаа ш дээ.Мөнхийн гадныхнаар юмаа хийлгэж байдаг оюуны хомсдолтой ч юм шиг.Би арай ч ард түмнийг тэгж муу хэлж болохгүй бодож байсан бол эргэлзээ арилсан.
12. Наранцогт (зочин) | 2008-05-22 05:16:16
Aaayaya.

Yostoi laitai bichjee.
Bi bas neg iimerhuu mongoliin ireeduig bodson osvor nasniihand chigluulsen blog hiideg yumuu gej bodood bgaa yum.

Gehdee neg moson kino/huuheldei hiivel bur goyo boloh bolvuu!
13. erhtsas | 2008-09-01 22:51:36
Та хаачив???
14. javhlan (зочин) | 2009-02-12 10:29:07
http://ireeduin.blog.banjig.net/
15. саруулзул (зочин) | 2009-04-26 11:35:58
sain boljee
16. Bembi (зочин) | 2009-08-23 07:32:05
Агаа нэг зар тавьчихяа, уучлаарай

Дараах мэргэжлийн чиглэлүүдээр найдвартай, улсын бүртгэлтэй гэрчилгээ гаргана.
- Хүнд машин механист
- Үсчин
- Компьютер, график дизайнер
- Зөөгч
- Гоо засалч-массажист
- Худалдагч-нярав-кассчин
- Тогооч болон нарийн боов
- Оёдолчин
- Цахилгаанчин
- Гагнуурчин
- Барилгын засал чимэглэлчин
- Барилгын өрлөгчин
- Бетон армотур
- Мужаан
- Сантехникчин

Утас 88179515, 91871771
17. chimgeeitgel | 2009-09-20 16:05:28
sonirholtoi bichleg boljee.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.